in

Dating : Мураками Харүки “Онгоц” өгүүллэг

h2>Dating : Мураками Харүки “Онгоц” өгүүллэг

Sensanivity

Нэгэн өдөр бүсгүй “Чиний ганцаараа яръдаг чинь угаасаа тогтчихсон зуршил юм уу?” хэмээн мань залуугаас асуужээ.

Бүсгүй нүдээ эгцлэн, залуугаас энэ асуултыг гэнэт л толгойд нь төрсөн мэт асуусан ажээ. Гэхдээ мэдээж хэрэг энэ асуулт гэнэт л түүний толгойд орж ирээгүй л дээ. Бүсгүй энэ асуултын тухай хэсэг хугацаанд бодсон л байж таарна. Түүний хоолой яг ийм л үед ёжлосон шинжтэй мэт болчихдог аж. Бүсгүй үгээ залгин, хэлэн дээгүүрээ ахин дахин ийш тийш нь гүйлгэсээр, эцэст нь нэг юм амнаасаа гаргасан нь энэ юмсанж.

Залуу, бүсгүй хоёр гал тогооны ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан сууна. Эндээс холгүй байдаг төмөр зам дээгүүр галт тэрэг явахыг эс тооцвол энэ хавь анир чимээгүй (заримдаа бүр хэтэрхий нам гүм байдаг аж). Дээгүүр нь галт тэрэг яваагүй үед төмөр зам ер бусын нам гүм болчихдог байна. Гал тогооны өрөөний шалны пялтаа залуугын хөлийг сайхан сэрүүцүүлж өгнө. Залуу оймсоо тайлаад, өмднийхөө халаасанд хийчихсэн байжээ. 4-р сарын нэгэн өдөр гэхэд цаг агаар арай л дэндүү дулаахан. Бүсгүй цулгай цамцныхаа ханцуйг тохой хүртлээ шуусан байх агаад, нарийхан цагаан хуруунуудаараа кофеныхоо халбаганы бариулыг оролдоно. Бүсгүйн хөдөлж буй хуруунууыг залуу ажиглах бөгөөд, тэрээр толгойд нь гэнэт юу ч бодогдохоо больчихов. Бүсгүй яг л ертөнцийн нэг захыг өргөөд, утсыг нь алгуурхнаар, огт тоосон ч шинжгүй султгаж буй мэт санагдана, яг л хэчнээн удах байсан ч хамаагүй заавал ингэхээс өөр аргагүй мэт.

Залуу үүнийг нь ажиглангаа, юу ч дуугарсангүй. Юу хэлэхээ мэдэхгүй байсан тул юу ч хэлээгүй нь тэр аж. Аяганд нь үлдсэн хэдхэн балга кофе хөрчихсөн байв.

Залуу дөнгөж саяхан 20 нас хүрсэн бол, харин бүсгүй түүнээс 7 насаар эгч, гэрлэсэн, нэг хүүхдийн эх байв. Мөн түүнчлэн, залуугийн хувьд бүсгүй сарны нөгөө тал* мэт нууцлаг нэгэн ертөнц байлаа.

Бүсгүйн нөхөр нь гадаад жуулчлалаар дагнадаг аяллын компанид ажилладаг байна. Тийм учраас, нөхөр нь Лондон, Ром, Сингапур гэх мэт хотуудаар яваад бараг сар бүрийн хагаст нь шахуу гэртээ эзгүй байдаг аж. Нөхөр нь дуурьд ухаангүй дуртай хүн байв. Гурав дөрвөн пянз бүхий зузаан цомгуудыг тавиур дээр эгнүүлэн өрж, Верди, Пуччини, Доницетти, Рихард Штраус гэхчлэн хөгжмийн зохиолчдоор нь ангилжээ. Эгнэсэн олон пянзнууд цуглуулга гэхээсээ илүү ертөнцийн үзэх үзлийн бэлэг тэмдэг мэт санагдана: тайван, буурь суурьтай. Залуу юу хэлэхээ юм уу, эсвэл хийх юм олдохгүй үедээ нөхрийнх нь цуглуулгыг ширтдэг байлаа. Цомогнуудынх нь гадаргуун дээгүүр нүдээ баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш гүйлгэн, нэрсийг нь толгой дотроо чангаар уншина: Ла Богем, Тоска, Турандот, Норма, Фиделио. . . Тэрээр ийм төрлийн хөгжим урьд нь сонсож үзээгүй аж. Ийм хөгжимд дуртай эсэхээ ч мэдэхгүйгээр үл барам, ийм хөгжим сонсох боломж хэзээ ч тохиож байгаагүй байна. Залуугын гэр бүлийнхэн, найзууд, таньдаг хүмүүс дунд нь дуурьд дуртай хүн нэг ч байгаагүй ажээ. Дуурь гэдэг нэртэй хөгжим байдаг, бас тодорхой хэсэг бүлэг хүмүүс дуурь сонсох дуртай гэдгийг ч залуу мэддэг байсан, гэхдээ л нөхрийнх нь пянзнууд залуугын хувьд дуурийн хөгжим харж буй анхны удаа нь байжээ.

Бүсгүй өөрөө ч бас нээх дуурьд дуртай хүн биш ажээ. Бүсгүй: — Би дуурийг үзэн яддаггүй л дээ. Зүгээр л хэтэрхий урт. гэж хэлсэн удаатай.

Пянзны тавиурын хажууд маш чамин хөгжим тоглуулагч байх аж. Хөгжим тоглуулагчийн ламп өсгөгч нь доош гудайчихаад, тушаал хүлээж буй мэт санагдана, яг л сайн сургасан хавч шиг. Энэхүү чамин хөгжим тоглуулагчийг өрөөний бусад нүдэнд торохооргүй тавилгуудаас ялгаруулахгүй байлгах аргагүй байв. Үнэхээр нүд булаам сайхан амьтан аж. Ямар ч хүн энэ сайхан амьтан руу нүд унагахгүй байхын аргагүй. Гэсэн ч залуу энэ хөгжим тоглуулагчийг дуугарч байхыг нь хэзээ ч сонсож байгаагүй юмсанж. Бүсгүй асааж унтраах товчлуур нь хаана байдгыг мэдэхгүй, мань эр ч тэр хөгжим тоглуулагчинд хүрье гэж бодохгүй.

Бүсгүй мань залууд “Гэрт ямар ч болж бүтэхгүй зүйл байхгүй” гэж олон ч удаа хэлсэн ажээ. “Нөхөр маань надад сайн ханддаг, би охиндоо хайртай, би өөрийгөө жаргалтай гэж боддог.” гэж хэлэхдээ бүсгүй ямар ч шалтаг тоочиж байгаа мэт бус, тайван, амгалан сонстоно. Гэрлэлтийнхээ тухай ярихдаа яг л замын хөдөлгөөн зохицуулж эсвэл олон улсын огноо шугам хэлэлцэж байгаа мэт маш дүр дүрслэлтэйгээр ярина. “Би өөрийгөө жаргалтай л гэж бодож байна, болж бүтэхгүй байгаа юм алга.”

Тэгвэл яг яах гэж энэ эмэгтэй надтай унтдаг юм бол оо? гэж залуу бодно. Залуу энэ тухай олон удаа бодсон ч хэзээ ч хариулт олж байгаагүй аж. Ер нь гэрлэлтэнд “ямар нэг болохгүй зүйл” байна гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ? Бүсгүйгээс шууд асуучихъя гэж залуу заримдаа боддог байсан ч, асуултаа яаж эхлүүлэхээ мэддэггүй байлаа. Яаж хэлэх билээ дээ? “Хэрвээ чи тийм жаргалтай байгаа юм бол, яах гэж надтай унтдаг юм бэ?” Зүгээр л ингээд асуучих хэрэг үү? Гэлээ ч, ингээд асуучихвал бүсгүйг уйлуулчихна гэдгийг залуу мэдэж байлаа.

Бүсгүй хангалттай их уйлдаг байв. Тэр маш урт удаан хугацааны турш, сулхан чимээ гаргаж уйлдаг байсан юм. Бүсгүйг яагаад уйлаад байдгыг нь залуу бараг хэзээ ч мэдэж байгаагүй. Гэвч бүсгүй нэг л уйлаад эхлэчихвэл, огтхон ч уйлах нь больдоггүй байлаа. Бүсгүйг залуу хэчнээн аргадаад ч нэмэргүй, хэсэг хугацаа өнгөрөх хүртэл бүсгүй хэзээ ч уйлахаа болихгүй. Үнэндээ бол, залуу юу ч хийх шаардлагагүй ажээ; хэсэг цаг хугацаа өнгөрөөд л, бүсгүй уйлахаа больчихно. Хүмүүс яагаад бие биенээсээ шал өөр юм бол оо? гэж залуу гайхширав. Залуу өмнө нь өч төчнөөн ч эмэгтэйчүүдтэй учир ургуулж байсан. Тэдгээр эмэгтэйчүүд нь бүгд л өөр өөрийн онцгой хэв маягаар уйлж, бас уурладаг байсан. Тэдэнд ижил төстэй зүйлсүүд байсаан, гэхдээ ялгаатай талууд нь илүү давамгай байсан юм. Магадгүй настай л холбоотой юм шиг санагдана. Энэ бол залуугийн өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй явалдаж буй анх удаагынх боловч, насны ялгаа залуугийн бодож байсан шиг нь тийм ч их садаа болоод байсан удаагүй. Насны ялгаа гэхээсээ илүү, хүн бүрт байдаг өөр өөр хандлагууд л илүү утга учиртай юм шиг залууд санагдана. Энэ бол амьдралын оньсгыг тайлах чухал түлхүүр байх хэмэээн залуу үргэлж бодно.

Бүсгүй уйлж дууссаны дараа, тэр хоёр ихэвчлэн загас наадуулна. Уйлж дууссаныхаа дараа л бүсгүй загас наадуулах санаачлагыг гаргадаг байв. Бусдаар бол, залуу санаачлагыг нь гаргана. Заримдаа бүсгүй залуутай загас наадуулахаас татгалздаг байлаа. Бүсгүй ямар ч үг хэлэлгүйгээр, зүгээр л толгойгоо сэгсрэнэ. Тэгээд бүсгүйн нүд яг л үүр цайх үед шувууны жиргээ шиг бүдэгхэн гялалцах цагаан хос сар шиг харагддаг байв. Бүсгүйн нүд ийм болохыг нь харах бүрт, түүнд хэлэх юм байхгүй юм байна гэдгээ залуу мэддэг байлаа. Үл тоогдсон ч гэлээ, залуу огт уурлаж эсвэл өөрт нь онцгүй санагдаж байсангүй. Ийм л байдаг, тэгээд л болоо хэмээн залуу бодно. Заримдаа ингэж татгалзсанд нь залуу харин ч сэтгэлийнхээ гүнд баярладаг байв. Залуу, бүсгүй хоёр гал тогооны ширээнд суугаад кофе ууж, намуухан ярилцдаг байлаа. Тэд ихэнхдээ хэсэг бусаг л яръдаг байлаа. Хоёулаа л сайн ярьж чаддаггүй, бас ярих юм ч их бага байдаг байв. Түүнтэй яг юу яръдаг байснаа залуу санахгүй, харин жаахан л яръдаг байснаа санана. Энэ бүх хугацаанд, цонхны хажуугаар галт тэрэг нэг нэгээрээ явж өнгөрнө.

Тэд үргэлж тайван, намуухнаар янагладаг байлаа. Яг ч биеийн таашаал гээд хэлчхээр юм байхгүй. Тэд эрэгтэй болон эмэгтэй хүмүүс биеэрээ нэгдэх үед мэдрэгддэг тийм таашаалыг огтхон ч мэдрээгүй гэвэл мэдээж худлаа болно. Гэвч янаглахтай нь зэрэгцээд өөр маш олон бодол, элемент, хэв маягууд холилдсон байдаг сан. Энэ хурьцал мань залуугын өмнө нь хийж байсан бүх л сексээс ондоо байсан юм. Энэ хурьцал нь залууг нэгэн сайхан, цэмцгэр, тохьтой жижигхэн өрөөг санагдуулна. Таазнаас нь өнгө өнгийн утас унжина. Утаснууд нь өөр өөр хэлбэртэй, өөр өөр урттай, утас тус бүр нь залуугийн дур хүслийг булааж сэтгэлийг нь гижигдэнэ. Залуу нэг утсыг нь татахыг хүснэ, харин утас ч бас залуугаар татуулахыг хүснэ. Гэвч залуу яг аль утсыг нь татахаа мэдэхгүй. Нэг утсыг нь татвал нүднийх нь өмнө асар сүр жавхлантай үзүүлбэр гараад ирчих мэт, гэвч бас бүх зүйл хормын төдийд сүйрчихэж мэдэх юм шиг санагдана. Тийм учраас залуу эргэлзэж, будилсаар байтал өдөр өнгөрчихдөг байлаа.

Энэ нөхцөл байдлыг сонин байдал нь залууд хэтэрхий хүнд байлаа. Тэр өмнө нь өөрийн хувьд үнэт зүйлстэйгээ амьдарч байсан гэдэгтээ итгэдэг байв. Гэвч энэ өрөөнд галт тэрэг явж өнгөрхийг сонсон, өөрөөс нь эгчмэд, чимээгүй бүсгүйг өвөртөө хэвтүүлж байх үед яг л үймээн самуун дунд мань эр төөрөлдөн явж буй мэт санагддаг байв. Өөрөөсөө ахин дахин “Би түүнд хайртай болов уу?” гэж асуувч, яг таг итгэчихэж болохуйц хариултыг эс олно. Түүний ойлгох зүйл гэвэл зөвхөн жижигхэн өрөөний таазнаас унжих өнгөт утаснууд л байв. Өнгөт утаснууд яг тэнд байлаа.

Энэ хачирхалтай гэмээр үүлэн борооны ажил дуусмагц, бүсгүй үргэлж цаг руу хяламхийнэ. Залуугын тэвэрт хэвтэж байхдаа бүсгүй нүүрээ буруулан, орны толгойн хажууд байх хар өнгөтэй цагтай радио руу харна. Тэр үед, цагтай радионууд өнгөт дижитал дэлгэцгүй, харин дарангуут эргэдэг, жижигхээн дугаартай самбартай байдаг байсан. Бүсгүй цаг руу харангуут, галт тэрэг цонхны хажуугаар явж өнгөрнө. Бүсгүй цаг руу харах бүрт, галт тэрэгний явж өнгөрч байгаа чимээ ямагт дуугардаг нь их сонин байлаа. Яг л хэдийнээ тогтчихсон байсан зуршил мэт: бүсгүй цаг руу харна, галт тэрэг явж өнгөрнө.

Бүсгүй 4 настай охиноо цэцэрлэгээсээ эргэж ирэх цаг нь болоогүй эсэхийг бататгахын тулд цаг шалгав. Охиных нь царайг залуу нэгэн удаа халть хараад амжсан аж. Охин нь хөөрхөөн бяцхан хүүхэд шиг санагджээ. Охиноос залууд үлдсэн цор ганц сэтгэгдэл гэвэл энэ. Аялал жуулчлалын газар ажилладаг, дуурьд асар их дуртай нөхрийг нь мань мань эр хэзээ ч харж байгаагүй ажээ. Баярлууштай нь.

Тавдугаар сарын нэгэн өдөр бүсгүй анх удаа залуугаас өөртэйгөө яръдаг тухай нь асуужээ. Тэр өдөр бүсгүй хоёр дахиа уйлж, харин тэр хоёр дахин загас наадуулсан аж. Юу түүнийг уйлахад хүргэснийг залуу санах гээд чадсангүй. Магадгүй бүсгүй зүгээр л уйлмаар санагдсан байх. Бүсгүй зүгээр л хэн нэгний тэвэрт уйлахын тулд л өөртэй нь орооцолдсон юм болов уу гэж залуу заримдаа боддог аж. Магадгүй тэр ганцаараа уйлж чаддаггүй болохоор л би түүнд хэрэг болсон байх.

Тэр өдөр бүсгүй хаалгаа түгжиж, хөшгөө буулгаад, гэрийн утсаа орныхоо хажууд авчирж тавьсан байжээ. Тэгээд тэр хоёр биеийн жаргалаа эдлэсэн. Үргэлж л тайван, намуухан хийнэ. Хаалганы хонх дуугарсан ч, бүсгүй тайлсангүй. Хаалганы хонх бүсгүйг огтхон ч сандаргахгүй байх шиг санагдав. Бүсгүй “Битгий тоо, юу ч биш” гэж байгаа мэт толгойгоо сэгсэрлээ. Хонх дахиж хэд хэд дуугарсан ч, хонх дуугаргаж байсан хүн нь залхаад, яваад өгжээ. Яг л бүсгүйн хэлснээр, юу ч биш байсан аж. Магадгүй худалдаачин байсан байх. Гэхдээ бүсгүй яаж мэддэг билээ? хэмээн залуу гайхшран бодов. Гадаа хааяа нэг галт тэрэг явж өнгөрнө. Алсад төгөлдөр хуурийн ая сонстоно. Залуу тэр аяыг маш тод санаж байв. Энэ аяыг нилээн дээр үед хөгжмийн ангид сонсож байсан ч, яг таг санаж чадахгүй байлаа. Хүнсний ногооны худалдагчийн ачааны машин гадаа урд хаалганы тэнд тар нярхийн төвөргөнө. Бүсгүй нүдээ анин, уртаар амьсгалав. Харин залуу дур тавьж, бие нь сайхан хөнгөрөөд явчих нь тэр ээ.

Залуу шүршүүрт орохоор угаалгын өрөө рүү явав. Түүнийг алчуураар биеэ арчин гарч ирээд, бүсгүй нүдээ аниад орон дээр нүүрээрээ доош хараад хэвтчихсэн байхыг олж харсан байна. Залуу очиж хажууд нь суугаад, дуурийн пянзнуудын нэрсийг гүйлгэж харангаа бүсгүйн нурууг нь илэв.

Төд удалгүй бүсгүй орноосоо босон, хувцсаа өмсөөд, гал тогоо руу кофе хийхээр явлаа. Үүнээс хойш төд удалгүй бүсгүй залуугаас “Чиний ганцаараа яръдаг чинь угаасаа тогтчихсон зуршил юм уу?” хэмээн асуув.

Залуу хариуд нь “Яаж ганцаараа яръдаг гэж?” гэж асуув.

Бүсгүй мань эрийн толгойг эргүүлж орхижээ.

Залуу: — Хоёулаа загас наадуулж байх үе…?

– Үгүй ээ, үгүй. Тэр үеэр биш ээ. Зүгээр л хэзээ ч хамаагүй яръчихдаг. Жишээ нь, чи шүршүүрт орж байхдаа ч юмуу эсвэл намайг гал тогоонд байх үед чи ганцаараа сонин мэтийн юм уншиж байхдаа ганцаараа яриад байдаг.

“Ёстой мэдэхгүй” гэж хэлээд залуу толгойгоо сэгсрэн: — Ёстой анзаарч байгаагүй юм байна. Би ганцаараа яръдаг гэж үү?

“Чи ганцаараа яръдаг. Нээрээ шүү.” гэж бүсгүй хэлэхдээ залуугын асаагуураар оролдож байлаа.

– Чамд итгэхгүй байгаадаа юм биш л дээ. хэмээн залуу хэлэхдээ эвгүйрхэж байгаа нь хоолойноос нь илт сонстоно. Залуу амандаа тамхи зуун, бүсгүйн гараас асаагуураа аваад, тамхиа асаав. Залуу саяхнаас Seven Stars брендийн тамхи татаж эхлэсэн юмсанжээ. Энэ нь бүсгүйн нөхрийнх нь татдаг тамхины бренд аж. Залуу урьд нь үргэлж Hope брендийн энгийн тамхи татдаг байжээ. Бүсгүй залууг нөхрийнх нь татдаг брендийн тамхийг татаач гэж гуйсан гэвэл үгүй; харин залуу өөрөө урьдчилан сэргийлж нөхрийнх нь татдаг брендийн тамхийг татдаг болжээ. Ингэвэл илүү амар болно хэмээн мань эр шийдсэж аж. Яг л мелодрам кинонууд дээр гардаг шиг.

Бүсгүй “Би ч бас бага байхдаа ганцаараа их ярьдаг байсан” гэв.

– Нээрээ юу?

– Гэвч ээж намайг ганцаараа ярихыг болиулчихсан. Ээж “Залуухан охин ганцаараа яръдаггүй юм” гэж хэлдэг байсан сан. Намайг өөртэйгөө ярих бүрт, ээж маш их уурладаг байсан. Ээж намайг шүүгэнд хийгээд түгжчихдэг байсан. Тэр шүүгээ хав харанхуй, хөгц үнэртсэн, миний төсөөлж чадах хамгийн аймшигтай газар байсан даа. Заримдаа ээж миний мөрөн дээр шугамаар цохидог байсан. Ингэж ч хэрэгжсэн шүү. Бас нээх удаа ч үгүй. Би өөртэйгөө ярихаа бүрмөсөн больсон. Бүр нэг ч үг шүү. Хэсэг хугацааны дараа, би ганцаараа ярихыг хүссэн ч яръж чадахгүй болчихсон байсан.

Залуу юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан тул юу ч хэлсэнгүй. Бүсгүй уруулаа хазав.

Бүсгүй: — Одоо ч гэсэн, хэрвээ би ямар нэгэн юм хэлэх гээд байх шиг санагдвал, зүгээр л үгээ залгичихдаг. Яг л зуршил шиг. Учир нь би бага байхдаа ганцаараа ярингуут хүмүүс надруу үргэлж хашхичдаг байсан юм. Гэхдээ, мэдэхгүй юм даа, ганцаараа ярихын юу нь тийм муу гэж? Энэ чинь байгалийн л зүйл шүү дээ. Зүгээр л амнаас чинь үгс гарч ирж байгаа хэрэг. Хэрвээ ээж минь одоо ч амьд байсан бол, би ээжээсээ “Ганцаараа ярихын юу нь тийм муу юм бэ?” гэж асуух байсан байх.

– Нас барчихсан юм уу?

– Аанхан. Гэхдээ би ээжтэй энийг нэг тийш нь болгочихсон байсан ч болоосой гэж хүсдэг. Би ээжээсээ “Та яагаад намайг ганцаараа ярихыг минь болиулсан юм бэ?” гэж асуусан ч болоосой гэж хүсдэг.

Бүсгүй кофены халбагаараа тоглож байв. Тэгээд хананд өлгөөтэй цаг руу харлаа. Түүнийг цаг руу харах тоолонд, гадаа галт тэрэг явж өнгөрнө.

Бүсгүй гэлт тэргийг явж өнгөрхийг нь хүлээж дуусаад: Заримдаа би хүмүүсийн зүрх сэтгэл яг л гүнзгий худаг шиг гэж боддог. Ёроолд нь юу байгааг хэн ч мэдэхгүй. Хааяахан нэг дээш хөвөн гарч ирэх зүйлсээр багцаалдан төсөөлж л болно.

Тэд хоёул хэсэг хугацаанд худагны тухай бодоцгоов.

Залуу: — Би ганцаараа ярих үедээ юуны тухай яръдаг вэ? Жишээ нь? гэж асуув.

Бүсгүй “Хмм” гэж хэлээд, яг л хүзүүнийхээ хөдөлгөөнийг хянамгай гэгч нь шинжиж байгаа мэт толгойгоо хэдэн удаа алгуурхан сэгсрэв. Бүсгүй үргэлжлүүлэн: — Чи онгоцны тухай яриад байдаг…

– Онгоц оо?

– Аанхан. Яагаав, тэнгэрт нисээд байдаг даа?

Залуу инээд алдах нь тэр. Инээж дуусаад бүсгүйгээс: — Би яагаад өчнөөн олон зүйлсээс очиж очиж онгоцны тухай ярина гэж? хэмээн асуув.

Бүсгүй ч бас инээж хөхөрч гарав. Тэгээд долоовор хуруугаа ашиглан агаарт буй ямар нэгэн төсөөллийн биетийн уртыг хэмжив. Ингэх нь түүний зуршил байлаа. Залуу ч бас энэ зуршилтэй болчихсон ажээ.

– Чи бас үгээ маш тод дууддаг. Ганцаараа ярьж байснаа үнэхээр санахгүй байгаа юм уу?

– Юу ч санахгүй байна.

Бүсгүй ширээн дээр байсан тосон балыг шүүрч аван, балаараа хэсэг оролдоод, ханын цаг руу дахиад нэг харав. Цаг үүргээ гүйцэтгэсэн байлаа: бүсгүй цаг руу сүүлд харснаас хойш 5 минут өнгөрөх хугацаанд, цаг 5 минутаар хойшилсон байв.

– Чи ганцаараа яг л шүлэг уншиж байгаа мэт яръдаг.

Nнгэж хэлэхдээ бүсгүйн нүүр нь бага зэрэг улайгаад ирэв. Залууд хачин санагдав: яагаад миний ганцаараа ярих нь түүнийг ичээдэг билээ?

Залуу өнөөх үгсийг хэмнэлд оруулах гэж оролдлоо: “Би яг л / Шүлэг уншиж байгаа мэт / Ган-цаа-раа / Яръ-даг.”

Бүсгүй дахиад балаа шүүрч авав. Энэ нь нэгэн банкны салбарын 10 жилийн ойн баярын логотой, шар өнгөтэй хуванцар тосон бал байлаа.

Залуу тосон бал руу заагаад: — Дараагийн удаа чи намайг ганцаараа яръж байхыг сонсвол, миний юу яръж байгааг бичээд авчихгүй биз? гэв.

Бүсгүй залуугийн нүд рүү эгцлэн ширтээд: — Чи үнэхээр мэдмээр байна уу? гэж асуув.

Залуу толгой дохив.

Бүсгүй тэмдэглэлийн цаас аваад дээр нь ямар нэг зүйл бичиж эхлэв. Тэрээр удаан бичиж байсан ч үзгээ байнга хөдөлгөсөөр, нэг ч удаа амарч эсвэл ямар үг бичихээ бодон гацсангүй. Энэ бүх хугацаанд залуу гартаа эрүүгээ тулсан чигтээ, бүсгүйн сормуусыг ширтсээр. Бүсгүй хааяа л нэг завсар зайгаар нь нүдээ анивчина. Хэдхэн хормын өмнө нулимсанд норчихсон байсан сормуусыг нь харах тусам, залуу энэ бүсгүйтэй унтдаг минь яг үнэндээ ямар учиртай юм бол? гэдгийг бүр ч ойлгохгүй байлаа. Яг л учир нь үл ойлгогдом тогтолцоо тэлсээр тэлсээр маш энгийн болчих шиг, ямар нэг зүйлээ алдчихсан мэт тийм нэгэн сонин мэдрэмж залууг бүрхэн авав: магадгүй би дахиж хэзээ ч өөр хаа нэг тийшээ явж чадахгүй байх. Ийм бодол төрмөгц, залуу тэсвэрлэшгүй тийм нэгэн айдаст автах нь тэр. Түүний оршихуй, түүний буй бие хайлж урсах гэж байв. Тийм ээ, үнэн: тэр яг л шинэхэн тогтсон шавар мэт цэл залуухан, бас яг л шүлэг уншиж байгаа мэт ганцаараа яръдаг байлаа.

Бүсгүй бичиж дуусаад, цаасаа ширээн дээгүүр залууд сарвайв. Залуу урагш өндийн, бүсгүйн гараас цаасыг нь авлаа.

Гал тогоонд ямар нэгэн маш том хэмжээтэй зүйлийн үлдэц зураг* амьсгалаа түгжин байх аж. Залуу бүсгүйтэй хамт байх үедээ тэрхүү ямар нэгэн алдагдсан зүйлийн үлдэц зургийг байнга хардаг байв. Яг юу гэдгийг нь залуу огт санахгүй.

Бүсгүй: — Би бүр маш тод санаж байна. Чи онгоцны талаар ийм л юм ганцаараа яриад байсан.

Залуу өнөөх бичсэн үгсийг нь чангаар уншив:

“Онгоц

Онгоц ниснэ

Би онгоцон дотор

Онгоц

Ниснэ

Байрнаасаа хөдлөхгүй

Гэвч ниссээр л

Онгоц

Тэнгэр юм болов уу?”

– Энэ бүгдийг яръсан гэж үү? гэж асуухдаа залуу мэл гайхширсан байлаа.

Бүсгүй: — Аанхан, энэ бүгдийг яръсан.

– Итгэмээргүй юм аа! Би энэ бүгдийг өөртөө хэлчихээд, юуг нь ч санахгүй байгаадаа итгэж чадахгүй нь.

Бүсгүй доод уруулаа ялимгүй хазаад, бяцхаан инээмсэглэв тодруулав. “Чи яг ингээд л ганцаараа яриад байсан.”

Залуу шүүрс алдаад: — Сонин юм даа. Би хэзээ ч онгоцны тухай бодож байгаагүй. Ингэж яръснаа огтхон ч санахгүй байна. Яагаад гэнэт онгоц бодогдсон юм бол?

– Мэдэхгүй ээ, гэхдээ л чи өмнө нь шүршүүрт орж байхдаа ийм л юм яриад байсан. Чи онгоцны тухай бодоогүй байсан байж магадгүй л дээ, гэхдээ алс хол, ойн гүнд хаа нэгтээ чиний зүрх сэтгэл чинь онгоцны тухай бодож байсан.

– Хэн мэдлээ? Магадгүй ойн гүнд хаа нэгтээ би онгоц хийж байсан байх.

Бүсгүй бөөрөнхий хошуут жижигхэн балаа дуугарган ширээн дээр тавиад, нүдээ эгцлэн залууг ширтэв.

Тэд хэсэг хугацаанд дуугаа хураалаа. Тус тусынх нь аяган дахь кофе хөрөөд, хөөс тогтчихсон байв. Сар татах хүчийг өөрчлөн, далайн түрлэгийг эргүүлж байх зуур дэлхий тэнхлэгээ эргэнэ. Цаг хугацаа анир чимээгүйхэн хөврөн, төмөр зам дээгүүр галт тэрэг явж өнгөрнө.

Залуу, бүсгүй хоёр яг ижилхэн нэг л зүйлийн тухай бодож байсан нь “Онгоц” аж. Ойн гүнд залуугын зүрх сэтгэл нь урлаж буй тэр л онгоцны тухай. Хэмжээ, хэлбэр, будагных нь өнгийг, хаашаа нисэж буйг нь, бас хэн тэрхүү онгоцыг газардуулахыг нь бодоцгооно. Ойн гүнд хэн нэгнийг хүлээсээр байх тэр л онгоцны тухай залуу, бүсгүй хоёр бодож байлаа.

Төд удалгүй бүсгүй дахиад л уйлав. Энэ нь нэг өдрийн дотор хоёр дахиа уйлж буй анхны бөгөөд мөн сүүлчийн удаа нь байлаа. Ингэж уйлах нь бүсгүйн хувьд ер бусын үзэгдэл байв. Залуу ширээ тойрч очоод, бүсгүйн үсийг имэрлээ. Үсэнд нь хүрэхэд маш жинхэнэ юм шиг мэдрэгдэв. Яг л амьдрал лугаа адил, үс нь хатуу бас шулуун, мөн алс хол байгаа мэт мэдрэгдэх аж.

Залуу “Тийм ээ, тэр үед би яг л шүлэг уншиж байгаа мэт ганцаараа ярьдаг байсан” хэмээн бодов.

Нэрсийн тайлбар:

1. “Сарны нөгөө тал” буюу “Far side of the Moon” гэх энэхүү хэлц нь “бидний нүдэнд харагддаг зүйлийн яг эсрэг тал” буюу бидэнд огт харагддаггүй, бидний хэзээ ч бүрэн таньж мэдэж, ойлгож чадашгүй зүйл гэсэн утгатай хэлц аж. Энэхүү өгүүллэг дээр хэлцийн утгыг илэрхийлэхийн тулд “Нууцлаг ертөнц” хэмээн нэмж бичиж орчуулав.

2. Үлдэц зураг- Afterimage

Afterimage нь хүн ямарваа нэгэн тод өнгөтэй зүйлийг удаан хугацаанд ширтээд, дараа нь цав цагаан өнгөтэй зүйл рүү харах юм уу эсвэл нүдээ аньсан үед дүрс нь тодорч нүдэнд хий харагдсаар байдаг зүйлийг нэрлэдэг нэршил аж. Монгол хэлэнд энэ үгийн орчуулга байдаггүй тул “Үлдэц зураг” гэж орчуулав. Орч.

Read also  Dating : For a Better Ending, You need to Travel

What do you think?

22 Points
Upvote Downvote

Laisser un commentaire

Votre adresse e-mail ne sera pas publiée. Les champs obligatoires sont indiqués avec *

POF : Now I remember why I uninstalled

Dating : In COVID-19, Relationships are Everything